Хүйтэн салхи хацар алгадсан өвлийн жихүүн энэ өдөр цагаан өмсгөлт, үхлийн тухай дуулагч төрсөн юм. Цагаан өмсгөлтэй, үхлийн тухай дуулдаг хэн байдаг билээ? Та бараг л таачихсан биз дээ? Мэдээж энэ бол Эмили Дикинсон. Тиймээ өнөөдөр Эмили Дикинсоны төрсөн өдөр. Нэр цуутай ч чинээлэг бус айлын гэрт төрж, шашины нөлөөнд өсч хүмүүжсэн ч Христийг хүлээж авалгүй зөвхөн өөрийнхөөрөө амьдралыг таньж, бүхий л насаа үхлийн тухай бяслгахад зориулсан тэр шүлэгч бүсгүйн орчлонд мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.
Эмили Дикинсон гэж хэн байсан тухай түүний Америкийн яруу найрагт оруулсан хувь нэмрийн тухай бид саяхнаас л мэдэх болсон билээ. Миний л санахнээ хамгийн анх түүний шүлгүүдийг яруу найрагч Г. Аюурзана орчуулж байсан санагдана.
Дикинсоны хувийн амьдрал шүлгүүдээсээ ч дутахгүй нууцлаг бас нэг төрлийн этгээд байсан тухай бид бүгд мэдэх болсон. Түүний бэр эгчдээ дурласан, гэрээсээ гардаггүй байсан, үргэлж цагаан хувцас өмсдөг, эр нөхөрт гараагүй, амьд ахуй цагтаа уран бүтээлээ хэвлүүлээгүй гээд л сонирхол татам зан авир болон хувийн амьдралынх нь тухай яриад байвал дуусахгүй. Тиймээс ч өнөөдөр хэдүүлээ түүний уран бүтээлийн тухай, тэр тусмаа Эмэли Дикинсоны үхэлд хэрхэн ханддаг, түүнийхээр үхэл гэж юу байсан тухай ярилцья.
Гүн ухаанд суралцах нь үхэлд өөрийгөө бэлдэх явдал гэж мэргэн хүмүүн айлдсан байдаг. Үнэхээр ч үхлээс өөр нууцлаг, үхлээс өөр аймшигтай эсвэл гайхамшигтай, сэтгэл хөдөлгөм бас айдаст автуулам зүйл амьдралд байхгүй. Үхэл хэнийг ч ялгадаггүй бөгөөд хэзээ нэгэн цагт хүн бүр ямар нэгэн байдлаар түүнтэй нүүр тулдаг шүү дээ. Хэрэв бид нүдээ нээгээд ойр орчимоо сайн харвал үхэл хаа сайгүй л оршиж байна. Навчис шарлаж мөчрөөсөө тасран хийсч одох нь ч үхэл шүү дээ. Тиймээс ч үхлийг таних нь дан ганц гүн ухаанд суралцах явдал бус ерөөс амьдарлын хамгийн чухал зорилго гэлтэй. Үхлээс айсандаа түүний тухай огт ярихгүй эсвэл бодохгүй байх нь яав ч зөв зүйл биш. Учир нь үхлийг танисан хүн л амьдралд илүү ухаантай ханддаг, зугаа цэнгэлээс илүү цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг ба тэр хүн ямагт үхлээс нэг алхам түрүүнд явж чаддаг.
Тэгвэл үхэл гэж юу юм бэ?
Эмили Дикинсоны шүлгүүдийн ихэнх нь үхэл, үхлийн дараах амьдрал, мөнх нас, бурхан, диваажингийн тухай бичигдсэн байдаг ба эдгээр ойлголтуудыг бүхэлд нь “үхэл” хэмээх сэдэвт багтаан ойлгож болно. Тэрээр оршуулгийн ёслолоор жишээ болгон үхлийн тухай ийн бичжээ.
“Нойрсохоос ч намуухан зүйл байдаг
Нэрээ гэвч хэлэхгүй”
“Тэр эгэл нэгэн төлөвтэй
Түүнийг нь би ойлгодгүй”
“Хэрэв би тэдний оронд байсан сан бол хэрхэвч нулимас туслуулахгүй -
Хичнээн бүдүүлэг вэ хэн нэгэн цурхиран уйлах нь”
“Бид ширтсээр- нисэн одохдоо шувуудын үлдээсэн
Нууцлагхан дүрийг нь !”
Үнэхээр ч үхэл бидэнд нэрээ хэлдэггүй. Үхэл бол үхлийн нэр биш. Үхэлд нэр байхгүй, үхлийг бид л үхэл гэж дууддаг ба үхэл яг л шувуудын нисэн одохдоо үлдээсэн тэр нууцлаг дүр шиг л танигдашгүй. Тиймээс ч, үхэл ийм нууцлаг атал хэн нэгнийг үхлээ хэмээн эхэр татан уйлж гашуудах нь утгагүй юм.
“Энэ үхэл биднийг энгэтэл их өвтгөөгүй ээ-
Энэ арьдрах л – биднийг илүү их өвтгөдөг-“
Үхэл бол бидний төсөөлдөг үхэлтэй ижил зүйл биш. Үхэл үнэндээ өвдөлтгүй байж болно. Үхнэ гэж байхгүй ч байж болно. Бидний өөрсдийн бий болгосон тэр аймшигт төсөөллөөс үүдээд л үхэл хамгийн муухай зүйл мэт санагддах байх. Яг үнэндээ бид амьдарч байгаа болохоор амьдрал ямар вэ гэдгийг бага ч болов хэлж мэднэ. Харин үхэж үзээгүй атлаа үхлийг амьдарлаас илүү өвдөлттэй гэдгийг яаж нотлох вэ? Харин ч эсэргээрээ байж болно шүү дээ.
“Айх аа? Хэнээс би айх ёстой гэж?
Үхлээс л лав айхгүй- түүний хэн гэдгээс”
Нэгэнт л үхлийг хэн гэдгийг нь мэдэхгүй юм чинь түүнээс бид айх хэрэггүй.
“Хэрэв би үхээд
Чи амьдрах юм бол-
Тэгээд цаг түг түг цохилсоор л байх юм бол-”
“Үүнийг мэдэх яруу тансаг...”
“Худалдаа арилжаа үргэлжилсээр л-
нисэх мэт цэцгэлэх болно
Хагацалыг амар амгалан болгож хувиргаад
Хүмүүний сэтгэл анирлангуй хэвээрээ байх болно
Тэгээд Жентэлмэнүүд цовоо хөгжилтэйгөөр
Тааламжит үзэгдлийг удирдан тоглосоор л байх болно!”
Үхлийн тухай өөр нэгэн төөрөгдөл бол бид үхчих л юм бол бусад бүх зүйл устна, дуусна, зогсно гэж бодох явдал. Гэтэл Дикинсон энд бичжээ. Би үхсэн ч, чи амьдарч, хар зах дээр худалдаа арилжаа хийгддэгээрээ л хийгдэх болно. Мод ургадгаараа л ургана. Нар манддагаараа л мандна. Тиймээс ч би үхэх нь угтаа бол би үхээгүйтэй ижил юм. Энд хэлэгдэж байгаа “би” гэдэг ойлголтыг ч бодож үзвэл сонин санаа гарч ирж байна. Нөгөөх “би бол би” эсвэл “чи бол би” гэсэн танил санаануудыг ч эндээс олж харах боломжтой. Миний үхэлээр чи амьдарна. Үхээд яс минь мод болон ургана.
Диваажин эмч гэж үү?
Тэр эдгээж чаддаг гэж тэд хэлдэг
Гэтэл нас нөгчисний дараах тэр эм
Надад хүртээлгүй-
Диваажин мөнгө санхүү юм уу?
Тэд бидний өр зээлийн тухай л ярих юм
Гэтэл тэр хэлэцээрт
Би ерөөс оролцож бологүй-“
Үхээд бид хаа очдог вэ? Энэ тухай бодож үзээгүй хүн бараг л байхгүй байх. Үхлээс бус үхээд хаа очихоосоо айсандаа л хүмүүс Сүм хийд барааддаг. Харин Дикинсон энд шашны гол ойлголтуудыг няцааж байна. Үнэхээр л бурхан аугаа их хүчтэй юм бол, үнэхээр л бурхан дуусашгүй хайрын эзэн юм бол, тэр яагаад өр зээлээ нэхэж яваа нарийндаа хатсан хятад панзчин шиг авирладаг юм бэ? Бас яагаад дарангуйлагч мэт бидэнд бусдыг хайрла, хайрлахгүй бол халуун тамд шат хэмээн тушаана вэ? Тамаас айсандаа бусдыг хайрлах нь жинхэнэ хайр мөн гэж үү?
“We lose- because we win”
Gambler – recollecting which
Toss their dice again.”
Тиймээ хожихын утга учир хожигдоход л байдаг ба үхэл л амьдралыг амттай болгож байна гэдгийг Дикинсон ухаарчээ.
Мөнх наслахсан гэж бодох нь хамгийн тэнэг бодол гэдгийг Дикинсон л надад энэ хэдэн үгээрээ анх хэлж өгсөн билээ. Иймийн учир өвлийн хүйтэн энэ өдөр кофений үнэрт номын сангаас үхлийн тухай Дикинсон хэрхэн дуулсан тухай чадах ядахаараа өгүүллээ. Бүгдэнд нь Дикинсоны төрсөн өдрийн мэнд хүргэе!
2008.12.10
St. Charles MO